Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2024 ОНЫ НАЙМДУГААР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ
Агаарын температур(Air temperature): Өнгөрөгч арав хоногт Их нууруудын хотгорын болон Алтайн өвөр говийн сумдын нутгаар агаарын дундаж температур 19.2 -23.0 градус, Өндөр уулын сумдын нутгаар 14.0-19.4 градус дулаан байлаа. Агаарт хамгийн их температур Их нууруудын хотгорын болон Алтайн өвөр говийн сумдын нутгаар өдөртөө 28-33 градус, өндөр уулын сумдаар 23-29 градус дулаан, агаарын хамгийн бага температур Их нууруудын хотгорын болон Алтайн өвөр говийн сумдын нутгаар 7-14 градус дулаан, өндөр уулын сумдаар 0-8 дулаан байжээ. Агаарт +30 градусаас дээш гарч Зэрэг, Дарви, Дөргөн, Манхан, Булган сумдад 1-5 хоног халсан бол ба хамгийн олон нь Зэрэг суманд 5 хоног, Булган суманд 4 хоног ажиглагджээ.
Хөрсний температур(Soil temperature): Нийт нутгаар хөрсний дундаж температур 20-30 градус дулаан байв. Хөрсний гадрага дээр хамгийн их температур өдөртөө нийт нутгаар 45-60 градус хүрч халсан бол хамгийн бага температур шөнөдөө 3 градус хүйтнээс 11 градус дулаан байлаа. Хөрсөндөө хамгийн хүйтэн нь Дуут суманд /-3 градус/ ажиглагдлаа. Хөрсөн дээр +40 градусаас дээш гарч халсан өдөр нийт нутгаар 9-10 өдөр ажиглагдсан.
Хур тунадас(Precipitаtion): Энэ арав хоногт ихэнх нутгаар 0.0-5.7 мм, нийт 14.5 мм тунадас орсон. Тунадас орсон сумдаас хамгийн их нь Алтай суманд 5.7 мм тунадас орсон бол Үенч суманд 2.3 мм, Булган суманд 1.7 мм, Мөст суманд 1.3 мм, Дарви суманд 0.9 мм, бусад сумдын нутгаар 0.0-0.6 мм тунадас оржээ. Харин Зэрэг, Дуут, Ховд сумдын нутгаар энэ 10 хоногт тунадас ороогүй байна.
Салхи(Wind): Өнгөрөгч арав хоногт салхи шуургатай байлаа. Салхины их хурд хур тунадас орохын өмнө огцом ширүүссэн. Салхины хурдыг авч үзвэл Мөстөд 22 м/с, Зэрэгт 21 м/с, Манхан суманд 20 м/с, Мөнххайрхан суманд 19 м/с, Ховд, Цэцэг, Чандмань, сумдад 18 м/с, Жаргалант суманд секундэд 17м/с, мянгад суманд 16 м/с, Булган суманд 15 м/с метр хүрч хүчтэй шуурсан бол Дөргөн, Дуут, Эрдэнэбүрэн сумдын нутгаар салхины хурд секундэд 12-14 м хүрч зөөлөн явган шуургатай байжээ. Дарви, Үенч, Алтай сумдад 5-6 м/с салхитай байв.
Ургамал(Plant): Энэ арав хоногт ихэнх нутгаар хур бороо орсон боловч, ихэнх сумдын бэлчээрийн ургамлын ургалт сэргээгүй хаталт хагдралт болох шатандаа орсон. 10 хоногийн байдлаар ургамлын дундаж өндөр 2-9 см, ургамлын ургалтын байдал Чандмань, Дарви, Ховд, Булган, Алтай сумдын нутгаар “сайн”, Үенч, Дуут сумдын нутгаар “муу”, бусад сумдын нутгаар “дунд” гэсэн үнэлгээтэй байна. Дарви сумын нутгаар 2.1 ц/га, бусад сумдын нутгаар ургамлын ургац нь 0.0-0.8 ц/га-тай байна. Нийт нутгаар зуны саруудад хур тунадас бага орсон, хөрсний чийг бага, хөрсөн дээрээ +40 градусаас дээш гарч халсан халалт олон хоног үргэлжилснээс бэлчээрийн ургамлын ургалтанд таатай биш нөлөөлж, таана, хөмүүл мэтийн шүүслэг ургамлын газрын дээрх хэсэг хатаж алга болох, бэлчээрийн ургамлын ургалт удаашралтай, үе шат явагдахгүй хаталт хагдралтын байдалтай болсон.
ХАА-н үйлдвэрлэлд явагдаж байгаа ажил: Нийт сумдад хадлан хадах, сүү цагаан идээ боловсруулах, мал оторлох ажил зэрэг ажил явагдаж байна. Газар тариалангийн үйлдвэрлэлд эрт ургацын хүнсний ногоо хураан авч борлуулах зэрэг ажлууд үргэлжлэн явагдаж байна. Тус ажил үйлчилгээ явуулахад цаг агаарын байдал таатай нөлөөлсөн.
Цаг агаарын нөхцлийн онцлог:
- Агаарын температур нийт нутгаар 14.0-23.0 градус дулаан байлаа.
- Энэ 10 хоногт нийт нутгаар 14.5 мм бороо орсон. Хамгийн их бороо Алтай суманд 5.7 мм бороо орсон.
- Хөрсний гадрага дээр +40 градусаас дээш гарч халсан өдөр нийт сумдад 9-10 өдөр ажиглагдсан.
- Салхины хамгийн их хурд хур тунадас орохын өмнө ширүүсэж Мөст, Манхан, Зэрэгт 20-22 м/с хүрсэн.
- Бэлчээрийн ургамал ургалтын болон зуншлагын байдал нийт нутгийн 30 хувьд нь сайн, 10 орчим хувьд нь муу, бусад сумдад дунд гэсэн үнэлгээтэй, ихэнх сумдад ургамал хаталт хагдралт болсон.
Тойм мэдээ бичсэн ХААЦУС-ын ахлах техникч Ж.Жаргалзаяа
2024 оны 9 дугаар сарын 3-нд